УНДААЛАХ УС, АМЬСГАЛАХ АГААРГҮЙ БОЛОХЫН ЦАГТ
Нийслэл хотыг маань хүрээлэн дүнхийх дөрвөн уулын байгалийн гоо үзэсгэлэн, тунгалаг рашаан булгийг магтан дуулсан олон сайхан дуу бий. ...Дөрвөн уулын дундаас
Усны тунгалаг нь урсана аа... гээд л эхэлдэг. Ийн дуунд гардаг шиг нүд баясгаж, сэтгэл сэргээсэн ой тайга, гол горхитой байв бид.
Харин одоо өөр болсон. Дөрвөн уулнаас эх аван урсдаг олон горхи булаг ширгэжээ. Зуны дэлгэр цаг хаяанд буув ч хог шороогоор шуурч, жихүүн хүйтэн салхи хавирга нэвт үлээнэ. Туул гол үйлдвэрийн хаягдал, ялгадас, хог новшоор урсаж, үнс нурам агаарт эргэлдэн уушиг цээжийг хордуулна. Нэгэн үе морины ташаан толгойг даван урсдаг байсан Хатан Туул одоо киноны хальсанд л үлдэж. Ийн бичихийн учир жил ирэх тусам ойн мод, цэнгэг усны нөөц багасаж, амьдрах эрүүл орчин улам хумигдсаар. Учир шалтгаан нь тодорхой. Амьсгалах агаар, ундаалах усыг маань тэтгэж байдаг ойн төгөл рүү хэн дуртай нь хөрөө, сүх барин дайрсны гор энэ билээ. Хууль сахиулагчид модны хулгайч нартай чадлынхаа хэрээр тэмцэж буй ч энэ төрлийн хэрэг буурахгүйгээр барахгүй улам зохион байгуулалттай болов. Саяхан л гэхэд залуу шинэс мод их хэмжээгээр огтолсон байсныг илрүүлсэн. Зөвхөн илэрсэн нь энэ. Ой дотор хэчнээн шоо метрээр нь хууль бусаар бэлтгээд зарж байгааг хэлэхийн аргагүй.
Зүрх ууланд хамаалалт дутаж байна
Манай өвөг дээдэс Чингэлтэй уулыг олон шавь нараа тойруулан сууж буй их эрдэмтэй ламын шинжтэй гэж бэлгэдэн тахиж байсан гэдэг. Эрдэм номын мөр хөөсөн мэргэд даяанчлан сууж их буян үйлдэж, оюун гэгээрэхэд зохист орой гэж үздэг байв. Харамсалтай нь энэ хайрханы ар энгэрийг модтой гэж хэлэхэд хэцүү болжээ. Чингэлтэй уул 3635 га ойн сан бүхий талбайтай. Үүний 3400 га талбай нь байгалийн ой, сөөг торлогоор бүрхэгдсэн. Нэгэн цагт энд ан амьтан сүлжилдэн, шигүү ургасан модтой өтгөн ой байсан гэдэг. Гэтэл одоо энд тэнд хэсэг тархай бутархай мод үргэлжилж, ов тов хожуулаас өөр юмгүй болсон харагдана. 1990 оноос хойш Салхит, Ар Согоотын амны хусан ой, Зүрх уулын шилмүүст ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн сүйтгэсэн аж. Ойн хөнөөлт шавьж, өвчин, түймэрт нэрвэгдэх болон хууль бусаар мод бэлтгэсний улмаас 142 га талбайн ой сүйджээ.
Ойн хаяа дэрлэн буучихаад өдөр болгон мод огтолж, том жижиг модны зах, автобусны буудал, гэр хорооллын гудамж, хашаа, замын хажуу гээд бүхий л газар жижиглэж, тайрч зарсаар байна.
Шуудайлсан түлээний модыг хаанаас, хэн, ямар зөвшөөрлөөр оруулж ирдгийг хэн ч үл мэднэ. Огтолсон модоо уулын бэл рүү зурайтал зам татуулан чирдэг. Бүр хэний хашаанд орж ямар машинд ачсаныг гэрчлэх замууд уулын ар өврөөр үргэлж дурайна. Уулнаас огтолсон дөрвөн метр нойтон урт гуалинг зах зээлийн үнээс 3000-4000 төгрөгөөр хямд зарна. Жижиглэж худалдвал бүр илүү үнэд хүрнэ. Нэгэнт эрэлт хэрэгцээ байгаа учраас хэн ч гэсэн хямдхан мод авах нь зүйн хэрэг. Зэрэг зиндаа, бэл бэнчингээ дагаж модны наймаа ийн цэцэглэж байна. Нийслэлийн гэр хороолол хаяагаа тэлж Чингэлтэйн ам, Салхит, Ар Согоот, Шадивланд айл өрх ихээр суурьших болов. Хүний хөл хөдөлгөөн ихсэж олз ашиг хайсан хүмүүс дураараа зорчиж, зөвшөөрөлгүй хашаа байшин барьж, хулгайгаар мод бэлтгэх явдал хэрээс хэтэрлээ. Зүрх ууланд1997 оноос ойжуулалт, байгалийн сэргээн ургалтад туслах арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд тодорхой хэсэг газрын ойг нөхөн сэргээсэн аж.
Чингэлтэй уулын байгалийн нөөц баялгийг хамгаалах зорилгоор 2006 онд тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 220 дугаар тогтоолоор Чингэлтэй уулын 767,6 га талбайг байгалийн нөөц газрын ангилалд хамруулан орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь бага ч гэсэн үр дүнгээ өгсөн. Гэвч нөхөн сэргээсэн ойгоо арчлан хамгаалах хамгаалалтын дэглэм зөрчигдсөөр. Үүнд хэн хяналт тавьж байна вэ? Уг нь ойн хамгаалагч хяналт тавьдаг ч хүчин мөхөстдөг. Хууль бусаар мод огтлогчдод дүүрэг, хорооны Засаг даргын зөвшөөрсөн гарал үүслийн нэг ч бичиг байхгүй. 2007 онд батлагдсан Ойн тухай хуулиар иргэдэд ой хамгаалах ашиглах, нөхөн сэргээх зэрэг олон эрх олгосон. Гэтэл мод огтлохоос өөр байгалиа хайрлан хамгаалах үүргээ иргэд огт биелүүлсэнгүй. Сүүлийн үед иргэд Ойн тухай хууль зөрчин, ойн сав газарт барилга байшин барих явдал ихэссэн. Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх байдал ч эндээс үүдэлтэй.
Шударга иргэнийг хөхүүлэн дэмжье
Нийслэлээс хойш Чингэлтэйн ам, Салхит, Ар Согоот, Шадивлан, зүүн тийш Улиастай, баруун тийш,Толгойтын баруун, зүүн салаа гээд яваад үзэхүл морин тэрэг хөллөсөн, явган нүцгэн хүмүүстэй бишгүй таарна. Тэд “Галын түлээ, ганц нэг гишүү, унанги мод цуглуулж явна” гэж хээвнэг хариулна. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэдэг үг тэдэнд яг тохирно. Модыг машин машинаар нь зөөдөг том гарууд биш ч байгалийг илүү сүйтгэгчид бас хорлогчид. Том наймаачид долоо хоногт нэг удаа мод тээвэрлэдэг гэж үзвэл арай жижигүүд нь өдөр бүр мод огтолно.
Өдөрт 5-10 мод огтлоход л долоо хоногийн дараа хорь гуч болж талийж өгнө. Харамсалтай нь тэд ой цэвэрлэж байгаа нэрээр өсч ургаж байгаа залуу модыг огтолдог. Алт, нүүрс, модны нинжа нар бүгд л байгалийн баялгийг ухаж, огтолж амьдрагсад.
Тэднийг нүд үзүүрлэн их ашиг орлого олдогт нь атаархаж буй хэрэг огт биш. Ядуурлаар далим хийж, ажилгүйгээрээ өрөвдүүлэн буй тэдэнд Монголын хууль гууль болон үйлчилдэг нь үнэн. Тэд зөвхөн өнөө маргаашийн өчүүхэн ашгийн төлөө байгалиа сүйтгэдэг. Зөвшөөрөлгүй мод бэлтгэгчдийг барилаа л гэнэ, модыг нь хураалаа л гэнэ. Тэгээд ашиг тус нь хэрхэн яаж гарав?. Хураасан модыг борлуулж төлбөрийг нь төрийн дансанд тушаана. Мод огтлогчийг барина, торгоно тэгээд л гүйцээ. Одоо тэгээд яах вэ? Байгальд хор хохирол учруулахаас нь өмнө мэдээлдэг, шударга иргэнийг хөхүүлэн дэмжье. Байгаль хамгаалах сайн дурын ажилтныг цалингаар урамшуулж ажиллуулъя. Эцсийн эцэст иргэд л ойгоо хамгаална. Тэд л чин үнэнийг хэлэх болно.